Нүүрний хуурай арьс болон түүнийг чийгшүүлэх аргууд

 Хуурай арьсанд болон үргэлж таталдах, хуурайших, загатнах зэрэг “бонус”-д нь зориулж хэрэглэх шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг бид гаргалаа

Арьс судлаачид хүмүүсийн багахан хэсэг нь л (ердөө 20 хувь) байгалиасаа хуурай арьстай байдаг гэж үздэг. Харин үлдсэн 80 хувийнх нь арьс амьдралынх нь явцад хуурайшдаг байна. Яагаад ийм зүйл тохиолддог вэ? Уур амьсгал болон цаг агаар, арьсны буруу арчилгаа, насны өөрчлөлт, дааврын хомсдол болон мэдээж хоол хүнс үүнд нөлөөлнө.
Хэрвээ нас болон цаг агаартай тэмцээд нэмэргүй бол таны арьсанд нөлөөлдөг хоол хүнс дээрээ ажиллах хэрэгтэй. Амин дэм болон ханаагүй өөх тосны дутагдал нь арьс хуурайшихад нөлөөлдөг. Тиймээс таны хэрэглэх хоол хүнс олон янзын байх нь маш чухал юм. Бид намар, өвлийн улиралд хоол хүнсэндээ хэрэглэж арьсандаа тэжээл өгч эрүүл, гэгээлэг арьстай харагдахад туслах шилдэг долоон хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

1. Авокадо
Авокадо жимс дэх натурал тос нь арьсыг чийгшүүлэхэд хамгийн хэрэгтэй. Арьс хуурайшихыг арьсны эмч нар ханаагүй өөх тосны дутагдал гэж хэлдэг. Тэгвэл авокадо жимс нь тэр нөөцөө хуримтлуулахад тань туслана. А болон Е амин дэмийн өндөр агууламж нь таны жижиг үрчлээг гөлгөр болгоно.

2. Яргай загас
Яргай загас нь омега-3 (ханаагүй тос) агуулдагаараа хамгийн шилдэг нь. Омега-3 нь гайхалтай үс, хумс, арьсны “суурь” нь болдог юм. Харин цагаан хоолтнууд хушга хэрэглэж болно.

3. Сарнай болон хумсан цэцгийн ханд
Эмч нар оройн цагаар кофейн ихтэй байхуу цай болон кофе уухгүй байхыг зөвлөдөг. Оройн уух цайгаа та “ургамал”-аар солиод үзээрэй. Тэр дотроо сарнай болон календула гэж европчуудын нэрлэдэг хумсан цэцэг мөн алтан хундага цэцгийг сонгож болно. Арьсны эмч нар (Америкийн арьс судлалын академийн гишүүн Эми Ньюбургер) хумсан цэцэг болон сарнайн дэлбээ нь арьс хуурайшилтын эсрэг шилдэг туслагч гэдгийг хэлээд байгаа юм. Авокадо жимсний адил ууж хэрэглэхээс өөрөөр тоник маягаар арьсаа гаднаас нь чийгшүүлэн хэрэглэж болно.

4. Кокосын сүү болон тос
Энэ хоёр бүтээгдэхүүн нь хэрэгтэй өөх тос болон амин дэмийн уурхай юм. Кокосын сүүнд А, Е, В, С амин дэм их агуулагдана. Үүнээс гадна сүү нь хүний биед хэрэгтэй, тэр болгон хүнсний бүтээгдэхүүнүүд агуулаад байдаггүй зэсээр баялаг. Кокосын тос мөн дээрх чанарыг агуулсан байдаг ч арьсны нүх сүвийг бөглөх гээд байдаг талтайг анхаарвал зохино.

5. Батат гэх амтат төмс
А амин дэмийн агууламжаараа луувантай өрсөлдөхүйц хэмжээтэй амтат төмсөнд анхаарлаа хандуулна уу. Үүний хажуугаар амтат төмсөнд намар өвлийн улиралд дархлаагаа сайжруулахад хэрэгтэй С амин дэм хангалттай их.

6. Чидун жимс
Оливийн жимс нь биш харин тос нь арьс хуурайших, таталдах зэргээс сэргийлэхэд тусална. Чидун жимс нь бидний биеийн Е амин дэмийг хангагч болдог. Харин оливийн тос нь будаг шунхыг арилгагч бөгөөд юугаар ч солишгүй байгалийн бүтээгдэхүүн юм.

7. Ус
Ус, ус бас дахин ус. Өдөрт 1,5-2 литр цэвэр ус уухгүйгээр та арьсныхаа чийгшлийн тэнцвэрийг хадгалах боломжгүй. Хэрвээ та цоргоноос гарч буй усны чанарт эргэлзэж байгаа бол савлагдсан ус худалдаж аваад угаах арчилгаанд хэрэглэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *